“Авлигатай тэмцэхэд чөлөөт хэвлэлийн үүрэг” |Г.Цогтбаатар|
Социологийн судалгаа бүрээр олон нийтийн санааг түгшээж буй асуудлуудын тоонд “Авлига” эхний байруудад жагсдаг бөгөөд түүний сөрөг нөлөө нь нийгмийн улс төр, эдийн засаг, боловсрол, гэр бүл, соёлын бүхий л тогтолцоог хувалз адил сорж тамирдуулан баялагын тэгш бус хуваарилалт, үнийн өсөлт, үр ашиггүй захиран зарцуулалт, шударга бус өрсөлдөөн, хүнд суртал, далд эдийн засгийг гааруулж ядуурал, ажилгүйдэл, гэмт хэргийн түвшинг хөөрөгдөн улс орны хөгжлийг чөдөрлөдөг. Төр засгаас “Авлигын эсрэг хууль”-ийг батлах, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, “Авлигатай тэмцэх газар”-ыг байгуулах зэргээр томоохон ажил хийж буй ч авлигын хүрээ тэлж, хэрэг зөрчил илрэхгүй хэвээр байна. Үүний гол шалтгааныг авлигын талаар хийсэн томоохон судалгааны тайлангуудад Монгол Улсад мэдээллийн “Ил тод байдал” хангалтгүй байгаатай ихэвчлэн холбон тайлбарладаг. Иймд тус нийтлэлээр авлигатай тэмцэхэд мэдээллийн ил тод байдлыг хангадаг гол хэрэгсэл болох чөлөөт хэвлэл мэдээллийн үүрэг болоод монгол дахь авлига, хэвлэл мэдээллийн одоогийн нөхцөл байдал, чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн гүйцэтгэж буй үүрэг, цаашдын тэмцлийн тухай өгүүлэхийг зорилоо.
1. Авлига, чөлөөт хэвлэл хоёр урвуу хамааралтай
Авлига нь хаалттай хаалганы цаана явагддаг өвөрмөц шинжтэй үзэгдэл юм. Авлигад оролцсон хүмүүс түүнийгээ нуухыг зорьдог ба энэ утгаараа авлига нь нууцлаг байдал, нуун дарагдуулах явдлыг хөхүүлэн дэмждэг. Эцэстээ энэ нь хөгжлийг, нийгмийн хамгийн эмзэг давхаргынхны амьдралын чанарыг дээшлүүлэх явдлыг үгүйсгэдэг. Авлигыг хэдийгээр “ташуур” хэрэглэж дарангуйллын буюу захиргаадалтын аргаар хязгаарлаж болдог ч дарангуйлалтай дэглэм яваандаа авлига, эрх мэдлээ урвуулан ашиглах явдалд идэгддэгээс үзэхэд энэ нь зөвхөн түр зуурын арга хэмжээ юм. Тиймээс авлигатай захиргаадалтын аргаар тэмцэх нь төдий л сайн үр дүнд хүргэхгүй. Харин ардчилсан үнэт зүйлсийг баримжаалан хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн үйл ажиллагааг ил тод байлгаж, чөлөөт буюу хараат бус хэвлэл мэдээллийг хөгжүүлснээр олон нийтийг мэдээллээр хангах нь үр дүнтэй. Учир нь авлигад холбогдогч гол субъект болох төр, засгийн байгууллагуудын мэдээлэл ил тод байх нь олон нийтийн зүгээс тэдгээрийн үйл ажиллагааг хянах боломж олгож, улмаар албан тушаалтнуудын хувийнхаа эрх ашгийг дээдэлсэн, зохисгүй үйлдлүүдийг таслан зогсооход чухал ач холбогдолтой байдаг. Судалгаанаас үзэхэд төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа иргэдийг шууд оролцуулж мэдээлэл хүртэх боломжоор хангаж болох ч энэ нь нийт хүн амын хувьд оролцох бараг боломжгүй зүйл юм. Иймд, чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь төр засаг болоод иргэдийг холбох гол гүүр болдгоороо мэдээллийн ил тод байдлыг хангагч хамгийн чухал субъект болдог.
2. Монгол дахь авлига ба чөлөөт хэвлэлийн байдал
Транспэренси Интернэшнл олон улсын төрийн бус байгууллагаас 2006 оны 11-р сарын 06-нд гаргасан судалгаанаас үзэхэд Монгол Улс авлигын түвшнөөрөө нийт 163 орноос 99-р байр эзэлж байна. Мөн тус байгууллагаас экспортоор тэргүүлэх 30 орны компаниудын хахууль төлөх сонирхлыг судалдаг бөгөөд Монгол Улс энд дурьдагдаагүй ч манай хөршүүд болох Хятад, Орос улс хахууль төлөлтөөр дэлхийд тэргүүлэгч гурван улсын тоонд багтдаг байна. Энэ нь Монгол Улс гадаад орчны хувьд ч авлигад өртөмтгий байх туйлын эрсдэлтэйг харуулна. Авлига, хээл хахуулын асуудлаар монголд социологийн олон судалгаа хийгдсэн бөгөөд өнгөрсөн жил Азийн сан, Сант Марал ТББ-ууд хамтран Монгол Улсын хэмжээнд өрхийн түвшин дэх авлигын цар хүрээ, тохиолдлууд зэргийг хэмжиж, авлигын тухай олон нийтийн хандлага, улс орныг бүхэлд нь хамарсан үзүүлэлтүүдэд гарсан өөрчлөлтийг үнэлэх зорилготой судалгаа хийсэн байна. Тус судалгаанаас тоймолж үзэхэд авлига нь улс орны хэмжээнд тулгамдсан хоёрдахь асуудал ажээ.
Судалгаанд хамруулсан иргэдийн 90 хувь нь авлигыг газар авсан үзэгдэл гээд шударга бус зохицуулалт, хүнд суртлыг давахын тулд хахууль өгөх шаардлагатай ба энэ утгаараа авлигыг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн хувь судалгааг 3 сарын интервалтайгаар давтаж явуулахад 14-өөс 20 хүрсэн нь статистикийн хувьд байдал улам дордож байгааг харуулна. Авлигын түвшин өнгөрсөн гурван жил өссөн, ирэх гурван жилд ч энэ хэвээр байна, өснө гэсэн хүмүүсийн тоо харьцангуй их байна. Мөн 3 сарын хугацаанд судалгаанд хамруулсан иргэдийн 28 хувь нь дунджаар 160 000 хүртэлх төгрөгийн хахууль төлсөн гэжээ. Багш, эмч, төрийн албан хаагчид, цагдаа, гаалийн ажилтнууд илүү авлига авч байгаа ба авлигад хамгийн их идэгдсэн 10 байгууллага нь газрын алба, гааль, уул уурхайн салбар, шүүх, цагдаа, прокурор, улс төрийн намууд, бүртгэл зөвшөөрөл олгодог байгууллагууд, өмгөөлөгчид, парламентад хууль боловсруулагч нар хэмээн олон нийт үзжээ.
2.2 Монгол дахь чөлөөт хэвлэлийн байдал
А. Хэвлэл мэдээллийн өсөлт, хөгжил
Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс 1999 оноос хойш жил тутам “Монголын хэвлэл мэдээллийн мониторинг” судалгааг хийж байгаа бөгөөд тус судалгаагаар монголын хэвлэл мэдээллийн салбарын жил бүрийн статистик мэдээллийг бүрдүүлдэг билээ. 2007 оны тайлан хараахан эмхэтгэгдээгүй байгаа тул 2006 оны мэдээлэл нь хамгийн сүүлийн үеийн мэдээлэл болж байна. 2006 онд сонин, сэтгүүл, радио, телевиз нийлсэн нийт 387 хэвлэл мэдээллийн хэрэгсэл /ХМХ/ тогтмол үйл ажиллагаатай байсан нь 1999 онтой харьцуулахад 89 хувиар буюу бараг 2 дахин илүү хэмжээ юм. Үндсэндээ ХМХ-ийн тоо жилд дунджаар 10 хүртэлх хувиар өсч байна. Монголын хэвлэл мэдээллийн салбарын шинэ өнгө төрхийг тодорхойлж буй нэг хэрэгсэл нь интернэт бөгөөд энэ талаар албан ёсны тоо мэдээ байхгүй билээ.
График 2.
Харин тэдгээр ХМХ-үүдэд 2006 оны байдлаар байнгын болон цагийн ажилтан нийлсэн 3608 хүн ажиллаж байгаа ба энэ нь 1999 онтой харьцуулахад мөн л 2 дахин илүү үзүүлэлт болно. ХМХ-ийн ажилчдын 40 хүртэлх хувь нь сэтгүүлч, сурвалжлагч, редактор, найруулагч зэрэг бүтээлч ажилтан байдаг.
Б. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө
Хэвлэлийн эрх чөлөө бол ардчиллын уг мөн чанарын үндсэн элемент юм. Хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөнд эргэлзэх нь ардчилалд өөрт нь эргэлзэнэ гэсэн үг бөгөөд хэвлэлийн эрх чөлөө нь “хөндлөнгийн нөлөөлөл, оролцооноос ангид чөлөөтэй байх явдал” хэмээн Олон Улсын Сэтгүүлчдийн холбоо тодорхойлсон байдаг. Монголд 360 орчим хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас мэдээлэл ил тод, нээлттэй байх зарчим, хэм хэмжээг зохицуулсан 120 гаруй хууль байна . Монголд Үндсэн Хууль болон Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Иргэний болон Улс Төрийн Эрхийн Олон Улсын Пакт зэрэг нь үзэл бодолоо илэрхийлэх эрх чөлөөний баталгаа болдог бөгөөд энэ нь “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль” /1998 он/, “Олон нийтийн радио, телевизийн тухай хууль” /2005 он/, Эрүүгийн хууль /2002 он/ зэргээр дамжин хэрэгждэг. Харин “Төрийн нууцын тухай хууль” /1995 он/, “Байгууллагын нууцын тухай хууль” /1995 он/ “Хувь хүний нууцын тухай хууль” болон Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Иргэний хуулийн гүтгэлэг, нэр төр, доромжлолтой холбоотой хуулийн заалтууд, бусад хуулиар үзэл бодолоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлажээ. Тухайлбал, Глоб интернэшнл ТББ-аас 2001 онд Монголын 232 хуульд хийсэн судалгаагаар ийм заалт бүхий хууль 91 байв. Монголд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсан дээрх хууль тогтоомжууд байгаа ч бодит байдал дээр сэтгүүлчид төрийн байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл олж авч чадахгүй байгаа нь төрийн байгууллагын олон нийтэд ил тод, нээлттэй байх ардчилсан зарчим алдагдаж, иргэдийн үнэн мэдээлэл олж авах эрх хөсөрдөхөд хүргэж байна. Үүний үр нөлөөгөөр нэг хэсэг сэтгүүлчид таамаг, сэжиг, хардлагадаа үндэслэн баримт дутмаг материал нийтэлж Иргэний хуулиас Эрүүгийн хууль хүртэл хариуцлагаар шийтгэгдэж байна. Тухайлбал, 2001-2005 онд гүтгэлэг, нэр төр, доромжлолтой холбоотой 187 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэний 151 нь буюу 81 хувь нь хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эсрэг хэрэг байжээ. Эдгээр хэргийн 60 орчим хувь нь улс төрч, өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн байгууллагын нэхэмжлэлээр шийдвэрлэгдсэн байв. Харин нөгөө хэсэг нь бизнесийн болон улс төрийн бүлэглэл, томоохон албан тушаалтнуудын сүрдүүлэг, занал хийлэл, ноцтой үйлдэлд хүлээстэй сууна.
Дүгнэвэл монголд хэвлэл мэдээллийн салбар далайцтайгаар өсч, хөгжин хууль эрх зүйн орчин бүрдэж буй ч чөлөөт хэвлэл мэдээлэл хавчигдмал байдалд байгаа нь авлига хүрээгээ тэлэх томоохон шалтгаан болж байна.
3. Авлигатай хийх тэмцэлд хэвлэл мэдээллийнхний гүйцэтгэж буй үүрэг
Монголд чөлөөт хэвлэлийг хөгжүүлэх үйлсэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс гадна хэвлэл, мэдээллийн салбарын мэргэжлийн сургалт, судалгаа шинжилгээний байгууллагууд болох Глоб Интернэшнл ТББ /ГИТББ/, Монголын Хэвлэлийн Хүрээлэн /МХХ/ зэрэг нь ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Ялангуяа Глоб Интернэшнл ТББ-ыг онцлох хэрэгтэй юм. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд ГИТББ, МЧАСЭ хамтран “Хэвлэл мэдээлэл ба авлига дугай ширээний ярилцлага” /1999 он/, ГИТББ, МХХ хамтран “Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө” сургалт, судалгаа, сурталчилгааны ажил /2004 он/, ГИТББ, МХХ, Зориг сан хамтран “Авлига хүн бүхэнд халгаатай хэвлэл мэдээллийн аян” /2005 он/ зэрэг олон төсөл хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулжээ. Одоогоор МХХ, Ийгл ТВ зэрэг байгууллагууд хамтран “Авлигын эсрэг” сурталчилгаа бүхий сэтгүүл зүйн бүтээлийн уралдааныг зарлаад байна. Түүнчлэн нийгмийн сэтгэл зvйг авилгалын эсрэг хандуулах талаар зарим сонин хэвлэл тухайлбал, өдөр тутмын “Өнөөдөр” сонин 2002 оноос эхлэн “Авилгалтай нийтээр тэмцье” сэдэв өрнvvлсэн бол “Монгол Таймс” сонин 2003 оны 2 дахь дугаартаа “хvний ёс суртахууныг гажуудуулагч, хvн ардын амьдралыг доройтуулагч, улс орны хөгжлийг мухардуулагч, монголын нийгэмд тахал мэт тарж буй авилгал хээл хахуультай тэмцэцгээе” хэмээн нийгэмд уриалан, хээл хахууль, авилгалтай холбоотой мэдээллийг 10 сая хvртэл төгрөгөөр худалдаж авах болсноо олон нийтэд зарлаж байв. Өнөөгийн монголын ХМХ-үүдийн авлигатай хийж буй тэмцлийг агуулга талаас нь ойлгож, харьцангуй бодит төсөөлөлтэй болоход сэтгүүл зүйн доктор Ч.Чойсамба, Ч.Базар нарын 2005 оны 1-р сарын 1-ээс 9-р сарын 25-ныг дуустал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй авлигын сэдэвтэй нийтлэл, материалуудад “Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө” төслийн хүрээнд хийсэн агуулгын шинжилгээ тусалж болох юм. Тус судалгаанд өдөр тутмын 6 сонин, 10 хоног тутмын 2 сонин, телевизийн 5 сувгийг хамруулжээ. Телевизийн өргөн нэвтрvvлгийн хувьд зөвхөн мэдээллийн хөтөлбөрvvдэд агуулгын задлан шинжилгээ хийсэн байна. Агуулгын шинжилгээ хийсэн хугацаанд 13 ХМХ-ээр авилгатай холбоотой нийт 765 материалыг нийтэлж, нэвтрvvлсэн бөгөөд vvнээс 555 нь сонины нийтлэл, 210 нь телевизийн мэдээ байжээ. Сонин хэвлэл нийтдээ 262.787 сантиметр квадрат зай тайлбайг, телевизvvд 27497 секунд буюу 7 цаг 38 минут 17 секундтэй тэнцэх эфирийн цагаа авилгын асуудалд зориулж. 262.787 кв см нь "Зууны мэдээ" сонины 150 орчим нvvртэй тэнцэх юм. Авлигын сэдэвтэй нийт материалын 50,4% нь гэрэл зурагтай байсны дийлэнх нь эх сурвалжийн, эсвэл мөнгө төгрөгний зохиомжилсон зураг байв. Энэ нь сэтгvvлчид авилгыг зөвхөн мөнгө төгрөг өгөлцөж, авалцах буюу хээл хахуультай холбож ойлгодгийн илрэл юм. Авлигын асуудлыг vндсэн сэдвээ болгосон мэдээ, материал 189 буюу 24,7% байгаа нь хангалтгvй vзvvлэлт юм. Авлигын сэдэвтэй мэдээ, материал улс төрийн нөхцөл байдалтай холбогдон гарч ирж байж. Тухайлбал, ЭНИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх vе болон кампанит ажлын vеэр авлигын тухай бичих, нэвтрvvлэх нь оргил цэгтээ тулжээ. Авлигын асуудлыг тусгахдаа ХМХ-vvд улс төр, санхvvгийн бvлэглэлд vйлчилж байгаа нь илт харагдаж байсан байна. Ингэснээр мэдээ, материалын агуулга талцсан, уншигчдыг төөрөгдvvлсэн, vзэл бодлоо тулгасан, нэг ХМХ нөгөөгийнхээ мэдээллийг vгvйсгэсэн сөрөг vр дагавар бий болох юм. Дүгнэвэл хэвлэл мэдээллийн сургалт, судалгаагаар дагнасан мэргэжлийн байгууллагуудын зохион байгуулж буй авлигатай тэмцэх үйл ажиллагаа харьцангуй цөөн боловч нэлээд бодитой, үр нөлөөтэй байдаг байна. Харин сонин, телевиз зэрэг ХМХ-үүдийн хувьд олон нийтэд тогтмол давтамжтайгаар авлигын тухай мэдээллийг тасалдалгүй хүргэж буй боловч асуудлыг улс төржүүлэх, захиалгаар баримт, эх сурвалжгүй мэдээлэл уншигчдад өгч тэднийг төөрөгдүүлэх, үзэл бодлоо тулгах зэрэг алдаа гаргаж байна.
4. Авлигатай хийх чөлөөт хэвлэлийн тэмцлийг үргэлжлүүлэх нь
Цаашид авлигатай тэмцэхэд сэтгүүлчийн төр засгийн мэдээлэлд чөлөөтэй нэвтрэх эрхийг баталгаажуулах, төр, байгууллага, хувь хүний мэдээлэл өгөх үүргийг хуульчлах, хэвлэлийн эрх чөлөөний шинэчилсэн хуулийн төслийг яаралтай батлах нэгэнт батлагдсан хуулиа хэрэгжүүлэх зэргээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх зүйн орчныг сайжруулах талаар анхаарах нь зүйтэй бөгөөд нөгөөтэйгүүр Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Сонинуудын Холбоо, Телевизүүдийн Холбоо, Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэл, Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Глоб Интернэшнл ТББ зэрэг хэвлэл мэдээллийн холбоо, мэргэжлийн байгууллагууд хамтран хариуцлагатай сэтгүүл зүйн төлөө сэтгүүлчийг хуулиас өмнө ёс зүйн хариуцлага хүлээлгэх үүрэг бүхий Хэвлэлийн Консул байгуулах хэрэгцээ үгүйлэгдсээр байна.
Иш татсан:
1. МННХ, Соросын сан: “Монгол дахь авилгалын талаарх олон нийтийн санал бодол байр суурь”, АНУ-ын ОУХА, Азийн сан: “Монгол Улс дахь авилгалын байдалд хийсэн үнэлгээ”, МҮХАҮТ: “Авилгалын индекс”, Зориг сан: “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт”, Транспэренси Интернэшнл: “Дэлхийн авилгалын тайлан” зэрэг; 2. НҮБ-ын ХХ “Үндэсний шударга ёсны тогтолцоо, түүний үзүүлэлтүүд”.УБ.,2003.4х; 3. Сант Марал ТББ “Авлигын чиг хандлага” судалгааны мэдээллээс; 4. Монголын Хэвлэлийн Хүрээлэн “Монголын хэвлэл мэдээллийн мониторинг” 1999-2006 оны тайлангууд; 5. Эрик Багерстам “Ардчилсан нийгэм дэх хэвлэлийн эрх чөлөө”.УБ.,2003.10х; 6. Глоб Интернэшнл ТББ “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө монголын өнөөгийн байдал”.УБ.,2007.6х; 7. Глоб Интернэшнл ТББ “Төрөөс мэдээлэл хэрхэн олж авах вэ?”.УБ.,2007.3х; 8. Глоб Интернэшнл ТББ “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө монголын өнөөгийн байдал”.УБ.,2007.23х; 9. http://www.monitoring.mn/